Хайртай бол хартай гэж үнэн үү?


Өнөө үед хүмүүс энэ асуултыг бие биеэсээ их асуудаг болжээ. Ихэнх нь харгүй хайр, хайргүй хар гэж байдаггүй гэдэгтэй эвлэрч буй бололтой. Хүн төрөлхтөн үүсэхэд хайр, хардалт хоёр нэгэн зэрэг үүссэн гэж учир мэдэх хүмүүс ярих нь ч бий.

Тэгэхээр хайр, хардалт хоёрыг нэг зоосны хоёр тал ч гэж үзэх тохиолдол ч байдаг. Тэгвэл хар гэж юу вэ? Хайртай хүнээ алдчих вий гэсэн айдаснаас хардалт үүссэн гэж судлаачдын нэг хэсэг нь тодорхойлж байхад, нөгөө хэсэг нь өмчирхөх сэтгэлгээнээс болж харамлах гэдэг утгаар хардалт буй болсон хэмээн таамаглаж байна.
Энэхүү хоёр тодорхойлолтыг эрдэмтэн судлаачид үнэний хувьтай болов уу гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа бололтой.
Гэтэл орчин үеийн залуусын дунд явуулсан судалгаагаар дээрх хоёр таамаглал үнэн гэдэг нь төдийлөн батлагдахгүй байгаа ажээ.
Жишээ нь одоогийн залуучуудын амьдралын арга барилаас харахад тэд өчүүхэн ч сэжүүр гараагүй байхад хардаж сэрддэг болох нь тогтоогджээ.
Хардалтын гал дүрэлзэн асахад хайртай хүнийх нь санамсаргүй хэлсэн ганц үг, нэг удаагийн болгоомжгүй харц хангалттай үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Үүнийг хайртай гэдгээ харуулах гэсэн оролдлого гэх үү, эсвэл хайртыгаа өөр хүнд алдчих вий гэж эмээсэн айдас хүйдэс гэж үзэх үү.
Хардалтыг галзуу хардалт, тайван хардалт, алтан дундаж хэмээн гурав хуваадаг байна.

Галзуу хардалт:
Ийм хүмүүс хумсын чинээ цагааныг уулын чинээ хар болгож, аймшигтайгаар цухалддаг. Тэд хардсанаас үүдэн хэл амаар доромжлоод зогсохгүй гартаа тааралдсан юмаараа дэлсээд авахаас ч буцдаггүй аж.

Тайван хардалт
Хэт амгалан хүмүүс иймэрхүү хардалтыг гаргадаг байна. Тэд нүдээрээ үзээгүй бол ямар ч гэрчийн хов живийн яриаг ойшоож үздэггүй гэнэ.

Алтан дундаж:
Галзуу хардалт, тайван хардалт хоёрын завсрын үзэл баримталдаг энэ бүлгийн хүмүүсийг "хэвийн" хэмээн тодорхойлдог байна. Энэ бүлгийнхэн хардахдаа хардаад, хардах юмгүй үед юу ч болоогүй юм шиг л байдаг ажээ.
Галзуу хардалт нь гэр бүлийн амьдралыг тамын тогоо мэт болгодог нь нууц биш юм. Архийг өдөр тутмын хэрэгцээ болгож зуршсан хүмүүст ихэвчлэн галзуу хардалт ажиглагддаг байна.
Галзуу хардах донтой хүмүүүс гол төлөв дээрэнгүй, захирангуй, сагсуу, зөрүүд, ихэмсэг, бардам, хүйтэн харьцаатай байхаас гадна дарангуйлагчийн шинжтэй байдаг гэнэ. Тэд хайртай хүндээ хэт өндөр шаардлага тавьдаг. Өөрсдийгөө хэзээ ч буруутгадаггүй. Ямар ч тохиолдолд буруугаа хүлээдэггүй. Харин ч бүр бусад руу чихдэг зарчимтай ажээ.
Гэр бүл болохоосоо өмнө ч их хартай хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн хардалт гэр бүл болсныхоо дараа улам гаардаг аж.
Гайгүй хартай хүмүүс ч гэсэн гэр бүл болсныхоо дараа галзуу хартай болдог ажээ.
-Чи надад хайргүй болжээ?!... гэсэн үг нь тэдний амны уншлага нь аж. Дарангуйлагч маягийн галзуу хардалт нь хардалтын хамгийн жигшмээр төрөл юм.
Хардалт хаанаас эхтэй вэ? Сэтгэл зүйчид энэхүү үзэгдлийг
-Олдмол хардалт
-Хэвшмэл хардалт хэмээн хоёр төрөлд хуваан үзжээ.
Олдмол хардалт тухайн хүний амьдралын туршид бүрэлдэн тогтдог. Хэвшмэл хардалт нь тухайн хүний зан байдлаас хамаардаг аж. Өөрөө сүүлэрдэг, илүү харж билүү долоож явдаг, боломж олдвол буцахгүй хүмүүс ханиа өөр шигээ бодож, тодорхой учир шалтгаангүй харддаг. "Би мэдэж байна та хоёр яг тэгсэн" гэж хэлдэг.
Хардалтын дээрх хоёр төрөл бол зөвхөн онолын хүрээнд яригдаж буй зүйл. Амьдрал дээр олдмол хардалт, эсвэл хэвшмэл хардалт гэх маягаар дангаараа тохиолдох нь ховор гэнэ. Гол төлөв хосолж байдаг аж.
Амьдралд бодитойгоор хандаж, ханьдаа итгэж хандах хүн ёсны асуудал юм. Хартай хүмүүс өөрийгөө өмөөрч "Хайртай бол хартай" гэдэг. Гэвч дийлэнх тохиодолд тэдний хардалт ямар ч үндэслэлгүй байдаг. Хардалтаас болж үүссэн хэрүүл маргаан эдгэршгүй шархтай адил цаг ямагт сэдэрч байдаг онцлогтой.

0 comments:

Post a Comment